Чамтай учирхаас өмнө номын тэмдэглэл

Tsolmon
3 min readJan 4, 2021

--

Сайн байна уу? Анх удаа номын тэмдэглэл бичих гэж оролдож байна.Миний хувьд анхны бас шинэ зүйл.Анхны бүхэн хичнээн нандин байдаг билээ.Тийм ч учраас их сандралтай бас догдлолтой эхэлж байна.Та бүхэн энэ номыг кино болсноор нь илүү сайн мэдэж магадгүй юм. Гэнэтийн ослын улмаас бүх биеийн мэдээ алдалттай болсон Уиллийг Луиза гэх эмэгтэй асархаар түүний гэрт ажилд орж зохиол маань үргэлжилдэг.Миний хувьд 5 жилийн өмнө киног нь үзээд хайр дурлалын талаар маш хүчтэй сэтгэгдэл авч байсан юм.Киног нь үзсэн байхад номыг нь уншиж яахав дээ гэж боддог байлаа.Анх санаандгүй байдлаар номыг нь надад хүн бэлэглэсэн юм л даа.Хавтсыг нь л харахад уншихгүй байж чадахын аргагүй. Номын тухайд киноноосоо илүү их таалагдсан.Хөнгөхөн зохиолтой уншихад амар ч гэлээ өгүүлж буй өгүүлэмж бүр,зохиолд улам дурлуулж байсан.Унших явцдаа дуусахыг нь хүлээлгүй шунан шунан уншиж байсан даа…

Маш амжилттай бизнессмэн залуу,сайхан биетэй,сайн ажилтай,бүх эмэгтэйчүүдийн хүсэмжит залуу,спортод дуртай,хөгжмийг хайрладаг тийм л нэгэн.Гэнэтийн ослоор толгойноос доош бүх биеийн мэдээ алдалттай болж түүнд байсан бүхэн тэр л өдөр түүнийг орхисон.Хамгийн харамсалтай нь юу гээч? Түүнд ядаж нэг ч зүйлд инээх баярлах зүйл байгаагүй.Түүний амьдралын аз жаргал,амьдрах утга учир,түүнд байсан бүхэн…Нэгэнтээ түүнийг бүгд орхижээ.Ямар ч зүйлд инээхгүй,юуг ч хүлээн зөвшөөрч чадахгүй бүх өдрийг харамсал гомдлоор дүүрэн өнгөрөөнө гэдэг ямар аймшигтай вэ?Гэнэтхэн л түүний урд гарч ирсэн Луизаг өөрийнх нь тэсвэр тэвчээр,инээмсэглэх шалтгаан нь болно чинээ төсөөлөөгүй биз.Энэ зохиолын хамгийн гол зүйл бол “Хайр” Хэзээ ч дуусашгүй хэзээ ч орхигдошгүй мөнхийн сэдэв-Хайр.

Хайр…Миний хувьд хэзээд юунаас ч илүү шинэ,надаас хол,сонирхолтой сэдэв.Хайр ямар байдгийг би мэдэхгүй ч Энэ зохиолоос л анх хайрын тухай тодорхой хэмжээнд ойлголттой болсон нь энэхүү номыг яагаад тийм их хайрладгийн минь нэгэн том шалтгаан билээ.

Хайраар амилсан зохиол…Хамгийн гол зүйл нь Хайр гэж би дээр дурдсан.Хахир ширүүн зантай хагас амьд хүний хувьд дахин итгэл найдвараа олох,сайхан амьдрах,хайрлах гэх мэт зүйлс аль хэдийнээ түүнд юу ч биш юм шиг санагдах болсон.Цаг мөч бүр түүнд там шиг санагддаг байсан нь гарцаагүй.Хурдхан л зовлонгоосоо салахын тулд үхэх талаар аль хэдийн шийдчихсэн байсан нь түүнийг ямар их цөхөрснийг илтгэх мэт. Луиза түүний өрөөнд орж ирсэн тэр мөчөөс хэсэг хугацаанд сэтгэлийн амар амгалан байдлыг дахин мэдэрч чадсан гэдэгт итгэлтэй байна.Тэд бие биенээ өөрчилсөн.Луизагийн өдөр бүрийн хачин хээнцэр хувцас,хөөрхөн инээд нь Уиллийн өглөө босох шалтгаан нь болсон гэхээр түүний зүрх сэтгэл өмнө нь мэдэрч байгаагүйгээр аз жаргалыг мэдэрсэн байх.Тэд хамтдаа хөгжим сонсож,хамтдаа аялалд явж,нэгнийгээ хүчирхэгжүүлж бие биенээ хайраар тэтгэсэн.Огт инээдэггүй байсан Уиллийн инээх шалтгаан нь тэр эмэгтэй,өдөр бүр үхэх талаар бодож байсан Уиллийн тэвчээрийн зааг нь түүний хайрласан тэр л охин.

Хайр ялгаварладаггүй.

Аль хэдийн үхэх талаар шийдсэн байсан Уиллийн шийдвэр, хайртай хүнээ орхино гэх бодол…Түүнд ямар хэцүү байсан бол?Магадгүй түүнтэй учирсандаа харамсаж,түүнийг хайрласандаа өөрийгөө буруутгаж байсан болов уу? Түүнийг нь хүлээж авах Луиза? Тэр шийвэрийг мэдсэнээрээ эсэргүүцэх ёстой юу,түүний гаргасан шийдвэрийг хүндлэн хүлээж авах ёстой юу?Хичнээн эсэргүүцмээр байсан ч хайртай хүнийх нь шийдвэр байсан учраас хэцүү байсан ч Луиза хүлээж авсан. Итгэхийг хүсээгүй ч итгэхээс өөр аргагүй нөхцөл байдал.Өөрчлөлтөд барьц алдан дасаж сурсан зүйлээ орхих хэцүү байдгийг Уилл аль хэдийнээ мэдэрсэн учраас Луизаг ч мөн чадна гэдэгт итгэсэн бололтой.

Чамд сонголт байгаа гэдгийг мэдэх нь тансаглал юм…Уиллийн Луизад бичсэн захианд тэр ердөө л түүнийг өөрийнхөө сонгосон замаар итгэл дүүрэн, айх айдасгүй хүссэн бүх зүйлээ хийж амьдраасай л гэж хүссэн.Тэр явахдаа түүний мөнгөнөөс илүү зүйлийг түүнд бэлэглэсэн,тэр түүнд үлдээсэн үнэт байшингаасаа ч илүү үнэ цэнэтэй зүйлийг өгчихөөд орхичихсон. Тэр бол итгэл найдвар болон эр зориг.Луизагийн хэзээ ч чадахгүй гэсэн бодол бүрийг нь итгэл найдвараар тэтгэсээр,бүтэхгүй гэсэн айдас бүрийг нь эр зоригоор шагнасаар тэр нэг л өдөр түүнээс явчихжээ.Хайртай хүнээ гунигтай байгааг мэдэх нь өөрөө гуниглахаас ч хэцүү байдгийг Уилл Луиза хоёрын бүх сэтгэлээр дамжуулан мэдэж авсан.Хайр хүнийг хичнээн өвтгөж шаналгаж байдаг ч тэр мэдрэмж бүр дахин биднийг бүтээн илүү бүр илүү хүчирхэг болох бас нэгэн аз жаргалын түлхүүр ч юм билүү.Эцэст нь Уиллийн ослоос амьдралд үнэхээр хэний ч төсөөлөөгүй олон зүйлс болж, юу ч өөрчлөгдөж болдгийг дахин нэг ухаарч авсан бөгөөд хожим нь харамсаж суухгүйн тулд хийхийг хүссэн бүх зүйлсээ хийх зориг гаргах ёстойг минь сануулсан .Миний хувьд хэзээ ч дурлаж дуусахгүй тэр хүн бол Уилл.

Баярлалаа.

--

--

Tsolmon
Tsolmon

No responses yet